Sunday, November 25, 2012


Баярлалаа”-тай өглөө

Өглөө минь баярлалаа. Өдөр бүрийг шинээр эхлүүлдэгт! Бүрхэг өдөрт дургүй л дээ. Гэхдээ хааяа ч гэсэн ийм өдөр байдагт баярладаг. Яагаад гэвэл ертөнцийн өнгөгүй өдөр, өөрөөсөө өөр өнгө эрэх боломж олгодог учраас. Бодол болон бүхнийг эргэцүүлэх сайхан шүү. Өнөөдөр өөрийгөө сонсох өдөр болгоноо.

Орноосоо өндийж, нүүр гараа угаах хүртэл үнэхээр хөгжилтэй гээч. Яагаад гэвэл өдөр бүр өөрийгөө толинд хараад “Чи үнэхээр хөөрхөн” гэж хэлэх гоё. Үнэндээ бол миний нүд бүлцийчихсэн байна л даа. Ийм өдөр би нүдээ арай өөрөөр буддаг юм. Бүлцийсэн нүдээ далдлах гэж тэр л дээ. Энэ ч бас миний нэг шинэ дүр төрх. Тиймээс шинэ төрхийг минь бий болгоход тусалсан бүлцгэр нүдэндээ баярлалаа.
Хэдий гадаа хүйтэн, тэгээд бас зам түгжрээтэй байгаа ч гэрээсээ гараад ажил хүртлээ алхчихнаа. Бөглөрч явахын оронд бодол болон алхах ч сайхан шүү. Эрүүл мэндэд ч тустай. Тэгээд ч хамгийн сайхан санаа алхаж явахад орж ирдэг гэдэг биз дээ. Тиймээс алхах боломж олгодог замын бөглөрөлд баярлалаа.
Ингэж бодоод алхах зуураа өөдрөг үзлийн тухай бодлоо. Ингээд бодохоор энэ хорвоод муу муухай зүйл гэж байхгүй юм гээч. Муу, сайн гэдэг тодорхойлолт тухайн зүйлийг харж байгаа хүний харах өнцгөөс л ихээхээн хамаардаг гэж би боддог. Жишээ нь саарал өнгөтэй зүйл байхад түүнийг цагаан гэж харах ч хүн байна. Бүр эсрэгээрээ хар гэж харах ч хүн байна. Би бол цагаанаар харахыг хичээдэг хүн. Энэ нь ч сэтгэлд амар байдаг юм. Мэдээж би бусдын л адил хэн нэгэнд гомдоно. Гомдоод уйлна. Удалгүй тайвширна. Гэхдээ дараа нь ямар нэг хар буруу санаж, голдоо ортол гомдоод явдаггүй. Харин ч уйлах, уйлаад сэтгэлээ онгойлгох, хүн хүнээ таних ийм мэдрэмж өгсөнд нь талархдаг.
Нээрээ баярлалаа гэж хэлэх гоё. Нөгөө хүний нүдэнд нэг тийм гоё инээмсэглэл тодордог. Магадгүй энэ үг хамгийн энгийн хэрнээ, хүний харилцааг сайжруулдаг хамгийн шилдэг үгсийн нэг байж ч болох юм. Заримдаа “баярлалаа” гэдэг энэ үг нөхцөл байдлыг санаанд оромгүйгээр өөрчилдөг гээч. Намайг оюутан байхад надтай үргэлж сурлагаараа өрсөлддөг нэг охин байсан юм. Тэр хичээлдээ сайн, бас дээр нь үнэхээр үзэсгэлэнтэй. Гэхдээ аливааг үргэлж хар талаас хардаг нь түүний дутагдал байлаа. Нэг удаа би түүн рүү дөхөж очоод “Намайг үргэлж хурцалж байдагт баярлалаа. Хэрвээ чи байхгүй байсан бол би хичээлдээ ингэж мэрийхгүй байх байсан” гэж хэлэхэд тэр өөдөөс минь чин сэтгэлээсээ инээмсэглэж билээ. Харин тэр надад хариуд нь “Үгүй дээ, би чамд харин баярлалаа. Би чамд үргэлж хожигддог. Яг одоо ч гэсэн би хожигдчихлоо” гэж хэлээд инээмсэглэж байсан юм. Харин тэр үед л би түүний жинхэнэ ухааныг олж харсан юм. Түүнээс хойш бид хоёр одоо ч сайхан харилцаатай байгаа.
Ингэж бодож явсаар нэг мэдэхэд ажлынхаа гадаа ирчихэж. Эвдэрхий цахилгаан шатыг яалтай билээ, хэзээ янзлуулах юм бол оо? гэж нэгэн хижээл насны эмэгтэй уцаардуу дуугарна. Үнэндээ манай ажил дөрвөн давхарт л даа. Алхаад явахад нэг их өндөр биш. Харин тэр эгч гурван давхарт гарах юм гэнэ. Алив намайг сугадаач, хамтдаа дээшээ алхая гэж хэллээ. Эгч аахилсаар дуртай нь аргагүй намайг сугадлаа. Зарим хүмүүст зүгээр л хэн нэгний өчүүхэн дэмжлэг хэрэгтэй байдаг бололтой. Их бага гэлтгүй, биет болон хийсвэр бус алин ч ялгаагүй хүн хүнээ л дэмнэж байвал бүх зүйл амархан болдог бололтой. Хэдий махлаг ч гэсэн надаас хоцрохгүй гэсэндээ яг л арван наймт шиг шаламгай өгсөж байх юм.
Баярлалаа охин минь гэсээр саяхан уцаардуу зогсож байсан эгчээс гарамгүй тийм сайхан цацарсан инээдээр намайг харчихаад албан өрөө лүүгээ яваад орчихов. Харин би дотроо алхах боломж олгосон эвдэрхий цахилгаан шат минь баярлалаа гээд инээмсэглэлээ.

Сайн найзыгаа хэрхэн баярлуулах вэ?


Сайн найзыгаа хэрхэн баярлуулах вэ?



Чи гэнэт л сайн найздаа ямар нэг бэлэг өгч баярлуулмаар санагдаж л дээ. Гэтэл түрийвчинд 5 ширхэг аравтын дэвсгэрт л байж гэж санъя. Тэгвэл чи 50 мянган төгрөгөнд багтааж дотны найзынхаа сэтгэлийг хэрхэн хөдөлгөх байсан бэ? Гоолингоо "50 мянган найзын баяр"-таа зориулж бүсгүйчүүдийн дунд энэ асуулгыг явуулсан юм. Шилдэг хариултуудыг толилуулж байна.

-Миний хамгийн дотны найз бол миний өрсөлдөгч. Гэхдээ бид хоёр өрсөлдөөнийг өөрсөддөө эерэгээр ашигладаг. Бие биенийгээ хурцалж, алдааг нь шүүмжилж, ахиц гаргахад нь магтаж, бяцхан бэлэг өгч баярлуулдаг. Их сургуулиасаа найзалсан тэр найз маань намайг бүрэн өөрчилж чадсан. Урьд нь би их залхуу, зорилгогүй байсан. Харин найз маань надад зорилго, тэмүүлэлтэй байхын сайхныг мэдрүүлсэн. Хэрвээ би найзыгаа баярлуулахаар болвол хамтдаа урансайхны зураг авахуулаад, гоё жаазлаад бэлэглэнэ. Хөгширсөн хойноо хараад хоёр эмээ нь ийм л гал цогтой байлаа шүү дээ гэж үр ач нартаа харуулнаа. /25 настай С/
-Арван жилээсээ найзалсан ганц сайн найз минь бий. Сургууль өөр болж, гэр холдсон ч гэсэн хэзээд зангаа хувиргадаггүй. Яг л урьдынх шигээ байдаг. Бид хоёр найзлаад таван жил болж байгаа болохоор хөөрхөн пудволк аваад, дээр нь таван жилийн нөхөрлөлдөө зориулж шигтгээ наана. Тэгээд найздаа чин сэтгэлийн үгтэй захиа бичиж, баярлаж талархаж явдагаа илэрхийлнэ. Цаашдаа ч сайн найз байж чадахаа амлана. /20 настай М/
-Хайртай найзтайгаа гурван жилийн өмнө танилцаж байлаа. Түүнтэй л хамт байхаараа бүх юмаа ярьдаг. Хамт л байвал аз жаргалтай болчихдог. Бид хоёр бие биетэйгээ их адилхан. Царай хүртэл төстэй. Найз маань шүлэг их сайхан бичдэг. Шүлгээ бичдэг нэг тэмдэглэлийн хар дэвтэртэй. Намайг үхсэн хойно миний шүлгийг унших хүн байх болов уу? гээд байдаг юм. Энэ зундаа багтааж найздаа өөрийнх нь шүлгийн номыг ганцхан хувь хэвлүүлээд өгнөө. / 22 настай Ц /
-Би бага ангиасаа л найзалсан нэг сайн найзтай. Тэр маань намайг хот руу шилжихэд хүртэл надтай уулзах гээд араас ирж байсан сайхан сэтгэлтэй бүсгүй бий . Найз маань одоо хоёр хүүхэдтэй. Тийм болохоор ажилд дарагдаад их л ядардаг байх. Хэрвээ би найзыгаа баярлуулахаар болвол хүүхдүүдийг нь тоглоомын төвд тоглуулаад, өөрийг нь эмэгтэйчүүдийн алжаал тайлах газар амруулаад гэрийн эзэгтэйн завгүй өдрийг нь нэг ч болтугай өдөр мартуулна. / 22 настай М/
-Надад дотны ганц л найз байдаг. Бид хоёр цэцэрлэгээсээ эхэлж найзалсан юм. Тэр үед манай хоёр айл зэргэлдээ орц байсан. Нэг нэгнийдээ ороод бүх л зүйлийг хамтдаа хийнэ. Зэрэг гараа угаана, нэг цаасан дээр хоёр харандаагаар зураг зурна. Сүүлдээ яг л нэг хүн шиг болчихдог юм билээ. Хамгийн сонин нь бид хоёр дандаа муудалцана. Тэгээд дараа нь юу ч болоогүй юм шиг л эвлэрчихнэ. Уг нь охидууд муудалцвал барагтаа бол эвлэрдэггүй шүү дээ. Би ийм л эрдэнэ шиг ганц найзтай хүн дээ. Хэрэвээ би 50’000 төгрөгтэй болвол найзынхаа дуртай цагаан дарсыг авч очоод шөнөжин хамтдаа бага насны дурсамжаа ярина. /21 настай З/
-Миний бодлоор миний хамгийн сайн найз ээж минь юм болов уу? Өөр олон сайхан найзууд байгаа хэдий ч ээж маань надад тэднээс илүү шудрага ханддаг юм байна. Эхлээд ээжийгээ, дараа нь над руу хамгийн түрүүнд залгасан нэг сайн найздаа цэцэг авч гэнэт баярлуулнаа. /25 настай Э/
-Сайн найз чинь чиний адармаатай хайрын түүхүүдийг сонсож суухаасаа хэзээ ч залхаж байгаагүй. Тэр бас чамайг өөрийнхөө аз жаргалыг сонгоход чинь хэзээ ч саад болж байгаагүй. Бурхнаас чамд зориулж илгээсэн бэлэг шиг гайхалтай найзыгаа үүнийх нь төлөө талархах хэрэгтэй. Зарим хүмүүс хэн нэгнийг баярлуулахын тулд заавал их мөнгө хэрэгтэй гэж боддог. Гэхдээ дээрх хариултуудаас огтхон ч тийм биш гэдэг нь харагдаж байна.
Чи 50 мянган төгрөгөөр сайн найзыгаа яаж баярлуулах байсан бэ?

Wednesday, November 14, 2012

It is true words

fun to inspiration
                        happiness to love
                                                        It is life
                          health to success
             
             joy to peace                                              If you being  happy
                                                                                        It is success way