Баярлалаа”-тай өглөө
Өглөө минь баярлалаа. Өдөр бүрийг шинээр эхлүүлдэгт! Бүрхэг өдөрт дургүй л дээ. Гэхдээ хааяа ч гэсэн ийм өдөр байдагт баярладаг. Яагаад гэвэл ертөнцийн өнгөгүй өдөр, өөрөөсөө өөр өнгө эрэх боломж олгодог учраас. Бодол болон бүхнийг эргэцүүлэх сайхан шүү. Өнөөдөр өөрийгөө сонсох өдөр болгоноо.
Орноосоо өндийж, нүүр гараа угаах хүртэл үнэхээр хөгжилтэй гээч. Яагаад гэвэл өдөр бүр өөрийгөө толинд хараад “Чи үнэхээр хөөрхөн” гэж хэлэх гоё. Үнэндээ бол миний нүд бүлцийчихсэн байна л даа. Ийм өдөр би нүдээ арай өөрөөр буддаг юм. Бүлцийсэн нүдээ далдлах гэж тэр л дээ. Энэ ч бас миний нэг шинэ дүр төрх. Тиймээс шинэ төрхийг минь бий болгоход тусалсан бүлцгэр нүдэндээ баярлалаа.
Хэдий гадаа хүйтэн, тэгээд бас зам түгжрээтэй байгаа ч гэрээсээ гараад ажил хүртлээ алхчихнаа. Бөглөрч явахын оронд бодол болон алхах ч сайхан шүү. Эрүүл мэндэд ч тустай. Тэгээд ч хамгийн сайхан санаа алхаж явахад орж ирдэг гэдэг биз дээ. Тиймээс алхах боломж олгодог замын бөглөрөлд баярлалаа.
Ингэж бодоод алхах зуураа өөдрөг үзлийн тухай бодлоо. Ингээд бодохоор энэ хорвоод муу муухай зүйл гэж байхгүй юм гээч. Муу, сайн гэдэг тодорхойлолт тухайн зүйлийг харж байгаа хүний харах өнцгөөс л ихээхээн хамаардаг гэж би боддог. Жишээ нь саарал өнгөтэй зүйл байхад түүнийг цагаан гэж харах ч хүн байна. Бүр эсрэгээрээ хар гэж харах ч хүн байна. Би бол цагаанаар харахыг хичээдэг хүн. Энэ нь ч сэтгэлд амар байдаг юм. Мэдээж би бусдын л адил хэн нэгэнд гомдоно. Гомдоод уйлна. Удалгүй тайвширна. Гэхдээ дараа нь ямар нэг хар буруу санаж, голдоо ортол гомдоод явдаггүй. Харин ч уйлах, уйлаад сэтгэлээ онгойлгох, хүн хүнээ таних ийм мэдрэмж өгсөнд нь талархдаг.
Нээрээ баярлалаа гэж хэлэх гоё. Нөгөө хүний нүдэнд нэг тийм гоё инээмсэглэл тодордог. Магадгүй энэ үг хамгийн энгийн хэрнээ, хүний харилцааг сайжруулдаг хамгийн шилдэг үгсийн нэг байж ч болох юм. Заримдаа “баярлалаа” гэдэг энэ үг нөхцөл байдлыг санаанд оромгүйгээр өөрчилдөг гээч. Намайг оюутан байхад надтай үргэлж сурлагаараа өрсөлддөг нэг охин байсан юм. Тэр хичээлдээ сайн, бас дээр нь үнэхээр үзэсгэлэнтэй. Гэхдээ аливааг үргэлж хар талаас хардаг нь түүний дутагдал байлаа. Нэг удаа би түүн рүү дөхөж очоод “Намайг үргэлж хурцалж байдагт баярлалаа. Хэрвээ чи байхгүй байсан бол би хичээлдээ ингэж мэрийхгүй байх байсан” гэж хэлэхэд тэр өөдөөс минь чин сэтгэлээсээ инээмсэглэж билээ. Харин тэр надад хариуд нь “Үгүй дээ, би чамд харин баярлалаа. Би чамд үргэлж хожигддог. Яг одоо ч гэсэн би хожигдчихлоо” гэж хэлээд инээмсэглэж байсан юм. Харин тэр үед л би түүний жинхэнэ ухааныг олж харсан юм. Түүнээс хойш бид хоёр одоо ч сайхан харилцаатай байгаа.
Ингэж бодож явсаар нэг мэдэхэд ажлынхаа гадаа ирчихэж. Эвдэрхий цахилгаан шатыг яалтай билээ, хэзээ янзлуулах юм бол оо? гэж нэгэн хижээл насны эмэгтэй уцаардуу дуугарна. Үнэндээ манай ажил дөрвөн давхарт л даа. Алхаад явахад нэг их өндөр биш. Харин тэр эгч гурван давхарт гарах юм гэнэ. Алив намайг сугадаач, хамтдаа дээшээ алхая гэж хэллээ. Эгч аахилсаар дуртай нь аргагүй намайг сугадлаа. Зарим хүмүүст зүгээр л хэн нэгний өчүүхэн дэмжлэг хэрэгтэй байдаг бололтой. Их бага гэлтгүй, биет болон хийсвэр бус алин ч ялгаагүй хүн хүнээ л дэмнэж байвал бүх зүйл амархан болдог бололтой. Хэдий махлаг ч гэсэн надаас хоцрохгүй гэсэндээ яг л арван наймт шиг шаламгай өгсөж байх юм.
Баярлалаа охин минь гэсээр саяхан уцаардуу зогсож байсан эгчээс гарамгүй тийм сайхан цацарсан инээдээр намайг харчихаад албан өрөө лүүгээ яваад орчихов. Харин би дотроо алхах боломж олгосон эвдэрхий цахилгаан шат минь баярлалаа гээд инээмсэглэлээ.
No comments:
Post a Comment